“Утааг хамтдаа устгах” шилдэг шийдлүүд тодорлоо

Ариг Банкны санаачлагын дагуу 2017 оны 4 сард эхэлсэн “Утааг хамтдаа устгая” төсөл нь Улаанбаатар хотын гэр хороололд ашиглагддаг уламжлалт зуухнаас ялгарч буй нүүрс хүчлийн хийг технологийн болон санхүүгийн оновчтой шийдэл ашиглан бууруулах, арилгах зорилго дор төр, хувийн хэвшил, олон улсын нийт 9 байгууллагатай хамтран инновацийн уралдааныг эхлүүлсэн.

Эхний шатанд шалгарсан халаалтын зориулалттай 16 цахилгаан төхөөрөмжийг 2018 оны 1-р сарын 17-ноос 3-р сарын 13-ныг дуустал 2 сарын турш Цонжин Болдог дахь Алтан Хариг амралтын газарт тус бүр нэг гэрт суурилуулан туршсаны эцэст шилдэгүүд шалгарлаа. Ариг Банкнаас шалгарсан шийдлүүдэд 100 сая төгрөгтэй тэнцэх мөнгөн шагнал, зар сурталчилгаа, хүүгийн хөнгөлөлтийн эрхийн бичгүүдийг өчигдөрхөн гардуулсан юм. Уралдааны тэргүүн байранд Антверпен ХХК-ийн “Мега Хит”, дэд байранд Алсхан ХХК-ийн цахилгаан халаагуур, 3-р байранд өөрийн шийдлээ бие даан, монгол ур ухаанаар бүтээсэн оролцогч З.Ариунболд цахилгаан тулгаараа шалгарсан юм. Туршилтын үйл явц Туршилтыг өдөр тутам гэр бүрийн доторх агаарын хэм, чийгшил, цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүртгэх замаар гүйцэтгэн, үр дүнг техникийн зөвлөхүүд үнэлж, Ариг Банк баталгаажуулан шалгаснаар шагналт байрны эздийг шалгаруулсан. Шагналт байр эзэлсэн төхөөрөмжүүдийн техник, эдийн засгийн үзүүлэлтээс гадна, гарал үүсэл, шинэлэг байдал зэрэг хүчин зүйлсийг мөн харгалзан үзсэн болно. Тус үнэлгээнд төхөөрөмжүүдийн эрчим хүчний зарцуулалт, анхдагч үнэ, ашиглахад хялбар байдал, техникийн найдвартай ажиллагаа гэх мэт 16 үзүүлэлтийн дагуу оноо өгч байр эзлүүлсэн бөгөөд уралдааныг хамтран хэрэгжүүлэгч талууд болох олон улсын байгууллагууд, төрийн ба хувийн хэвшлийн бүрэлдэхүүнтэй Хамтын Ажиллагааны Зөвлөлийн гишүүд үнэлгээг хэрхэн хийсэн талаар тогтмол мэдээлэл авч, давхар хянаж ажиллалаа. Дараагийн шат Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн байгууллага (GGGI), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Эрчим Хүчний Зохицуулах Хороо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сантай (UNICEF) хамтран хэрэгжүүлсэн “УТААГ ХАМТДАА УСТГАЯ” инновацийн уралдааны дараагийн буюу 3-р шатанд зах зээлд нийлүүлэх, өрхүүдийн хэрэглээнд нэвтрүүлэх ажил явагдах бөгөөд энэхүү эцсийн шат 2018 оны 6-р сараас 2021 оны 9 сар дуустал үргэлжлэнэ. Хувийн хэвшлийн санаачлагаар төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагуудын оролцоотой олон талт хамтын ажиллагааг бий болгон, олон нийтэд нээлттэй уралдаан зарлаж, харьцуулсан туршилт хийх замаар шалгаруулалт хийн, эцэст нь шилдэг шийдлүүдийг амьдралд нэвтрүүлэх үйл явцыг дэмжихэд чиглэж буйгаараа уг төсөл онцлог бөгөөд шинэлэг юм.